Wednesday 2 June 2010

Fondant, marzipan, gum paste буюу бялуу чимэглэх арга


Fondant нь бялууг бүрэх, элдэв цэцэг жимс, хэлбэр дүрс хийн чимэглэхэд зориулагдсан, идэж болохуйц сахаран зуурмаг юм. Fondant хийхдээ нарийн ширхэгтэй хамгийн багадаа хоёр удаа тээрэмдсэн нунтаг сахар хэрэглэх хэрэгтэй.
Доорх маягаар цагаан зуурмаг бэлтгээд хүсвэл хүнсний будгаар өнгө оруулан хэрэглэж болно.

Орц:

* 5 амттаны халбага (teaspoon) желатин jelatin ( цагаан хоолтон бол agar agar хэрэглэж болно.)
* 125 мл глюкоз (1/2 стакан )
* 1 амны халбага глицерин (gliserin)
* 1 кг нунтаг сахар
* 3/4 амттаны халбага tylose-c

Бэлтгэх нь:

  1. Желатинаа 5 амны халбага устай холин нийцүүлнэ. Зөөлөн гал дээр байнга хутган хайлуулна. Глицерин, глюкозаа нэмнэ. Нийцүүлж хутган, хайлуулна.
  2. Тал нунтаг сахараа гурил зуурдаг саванд хийгээд халаасан шингэн орцоо нэмнэ. Модон халбагаар хутгаж нийцүүлнэ. Үлдсэн нунтаг сахараасаа бага багаар нэмэн нухангаа tylose-c аа нэмж нийцүүлнэ. Халуун орчинд ажиллаж байгаа бол нэг кг нунтаг сахар багадах, хүйтэн орчинд ажиллаж байгаа бол илүүдэх магадлалтай тул нунтаг сахараа бага багаар нэмж ажиллахад амархан зуурмаг бэлтгэнэ.

COLETTE PETERS-ын жор

Орц: 22 см бялууг бүрэхэд

* 900 гр шигшсэн нунтаг сахар
* 60 мл ус
* 3 амттаны халбага нунтаг желатин
* 170 гр (125 мл) глюкоз
*4,5 амттаны халбага глицерин

Бэлтгэх нь:

  1. Желатинаа нэг саванд хийгээд усаа нэмэн нийцүүлнэ. 5 орчим минут амраан желатинаа дэвтээнэ.
  2. Өөр нэг жижиггэвтэр саванд ус хийн буцалгаад желатинтай саваа буцалж буй устай саван дээр байлуулаад хайлуулна.
  3. Желатинаа гал дээрээс аваад глюкоз, глицеринээ нэмнэ.
  4. Нунтаг сахараа тавцан дээр асган голд нь нүх үүсгээд халаасан шингэнээ хийн илдэж, хэлбэрт оруулж болохуйц зуурмаг зуураад гялгар уутаар ороон өрөөний темпратурт хамгийн багадаа 8 цаг амраана.

TOBA GARRET -ын жор

Орц:

* 3 амттаны халбага нунтаг желатин (эсвэл 1 хуудас желатин)
* 60 мл хүйтэн ус
* 1/4 амттаны халбага нимбэг эсвэл жүрж эсвэл алмондны охь
* 165 гр глюкоз (эсвэл эрдэнэшишийн сироп)
* 3 амттаны халбага глицерин
* 900 гр нунтаг сахар
* ½ амттаны халбага хатуу ургамалын тос эсвэл масло (vegetable shortening)

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд хийсэн хүйтэн усан дээрээ желатинаа нэмнэ. 2 минут орчим байлган дэвтээнэ. Илүү жижиг саванд багахан ус хийн буцалгана. Желатинтай жижиг саваа дээр нь байрлуулаад желатинаа хайлуулна.
  2. Охио нэмнэ. Нийцүүлэн хутгаад глюкоз, глицеринээ нэмнэ. 650 гр нунтаг сахараа жижиг гурил зуурдаг саванд хийгээд голд нь худаг үүсгэнэ. Шингэн орцоо нэмээд модон халбагаар хутгаж нийцүүлнэ.
  3. Үлдсэн сахарнаасаа багаханг тавцан дээр асгаад бэлдмэлээ асган нухаж нийцүүлнэ. Хуурай сахарнаасаа бага багаар тавцан дээрээ асган нухаж нийцүүлсээр гарт наалддаггүй зуурмаг бэлтгэнэ. Ургамалын тосоо алган завсараа хайлуулаад тостой гараараа гурилаа нухаж гаран дахь тосоо зуурмагтаа нийцүүлнэ. Тос зуурмагийг чийгээ хадгалахад тусладаг. Ингэж бэлтгэсэн зуурмагаа гялгар уутанд сайтар ороогоод 24 цаг амраагаад илдэж эсвэл өнгө оруулан элдэв цэцэг навч, хэлбэр дүрс хийхэд бэлэн болно. Сайтар ороосон тохиолдолд хөргөгчинд 1 сар хөлдөөгчинд 3 сар хүртэл хадгалж болно.

ROSE LEVY BERANBAUM-ын gum paste-ны жор

Beranbaum, “Cake Bible” номондоо gum paste-г хурдан, илүү хатуу хатдаг, хатуурдаг нэг төрлийн fondant гэжээ. Gum paste-р бантик, элдэв гурван хэмжээст хэлбэр дүрсүүд хийхэд тохиромжтой гэнэ.

Орц:

* 10 гр нунтаг желатин
* 75 гр ус
* 450 гр нунтаг сахар
* 65 гр эрдэнэшишийн цардуул
* хүсвэл нэг чимх нунтаг tartar

Бэлтгэх нь:

  1. Халуунд тэсвэртэй саванд желатинаа усны хамтаар холиод 5 минут дэвтээнэ. Өөр нэг саванд багахан ус хийгээд, желатинтай саваа дээр нь байлуулаад хайлж хатуурсан желатинаа хайлуулна.
  2. Томхон амсартай гурил зуурдаг саванд сахар, цардуул, нунтаг тартаараа холино. Желатинаа нэмээд модон халбагаар хутган нийцүүлнэ. Багахан тосоор тослосон гараараа зуурмагаа нухан нийцүүлээд гялгар уутанд ороон 1 цаг амраана. Зуурмаг маань ажиллахад хэцүү хатуу болсон бол хэдэн дусал ус, хэт шингэн болсон бол багахан нунтаг сахар нэмж нийцүүлнэ. Их хурдан хатаж хатуурдаг тул агаар орохооргүй боон хадгалах хэрэгтэй.

Marzipan-ны жор

Энэхүү бэлдмэлээр жимс, жимсгэнэ элдэв хүн амьтаны дүрс хийхэд тохиромжтой, алмондоор хийдэг тул gum paste, fondant-г бодвол арай амттай бялуу чимэглэх зуурмаг.

Орц:

* 140 гр алмондны нухаш
* 60 гр эрдэнэшишийн цардуул
* 60 гр нунтаг сахар
* 60 гр глюкоз (эрдэнэшишийн сироп)

Бэлтгэх нь:

  1. Гал тогооны роботонд алмондны нухаш, эрдэнэшишийн цардуул, нунтаг сахараа хийн роботоо ажиллуулна.
  2. Глюкозаа нэмээд хэрэглэх бол хүнсний будгаа хийн нийцүүлнэ. Зуурмагнаасаа жоохонг аван чимхэхэд хэлбэрт орж байвал болсон байна гэсэн үг. Жоохон хуурай юм шиг байвал багахан глюкоз нэмж болно.
  3. Гаргаж ирээд, өнгө будаг нийцтэл нухна. Агаар нэврүүлэхгүйн тулд гялгар уутанд сайтар ороогоод тавцан дээр 1 цаг амраагаад хэлбэр дүрс оруулан хэрэглэхэд бэлэн болно.

5 comments:

Anonymous said...

ne ayguu hiihed hetsuu jor bnaa. glitserin ene ter haanaas oloh bilee. rezinen chihreer hiideg joriig oruulaad ogooch. bas chimegleh argiin talaar oruulbal sain bna. thanks

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Глицерин эмийн сангуудад байдаг. Хөөсөн чихрээр бас хийж болдог. Хөөсөн чихрээр хийдэг хувилбарыг хэд хоногоос оруулахыг хичээе. Чимэглэх талаар өөрөө судалсан нь дээр байх. Зуун зуун жимс жимсгэнэ, цэцэг навч, амьтан хүний дүрсийг алий нь гэж оруулахав...

Zaya said...

Сайн байна уу?
Глицерин, глюкоз, эрдэнэшишийн цардуул, эрдэнэшишийн сироп гэж юу вэ? Хаанаас авч болох вэ? Боломжтой бол зургуудыг нь оруулж өгч туслаач. Please

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Заяа глицеринтэй тос гээд байдаг даа тэрний глицерин. Эмийн сангуудад байдаг.Эрдэнэшишийн цардуул гэж крахмал шиг нунтаг юм байгаа англиар нь corn starch гэдэг. Эрдэнэшишийн сироп нь өтгөн сахартай уусмал байдаг, англиар нь corn syrup гэдэг. Далай ээж скай супермаркетуудад байж магад. Амжилт

Unknown said...

Заяа сайн байна уу agar гэж яг юуг хэлээд байна аа agar powder гэсэн байна цардуул шиг юм байна уу? хэрэв мэдэж байгаа бол хариуг Tolya Batorgil FB хаягаар илгээж тусална уу Thanks a lot