Tuesday 11 August 2009

Чихрийн шижин, Бууцай, фета бяслагаар шанзалсан сонгины кебаб

Чихрийн шижин буюу сахарын өвчин

Чихрийн шижин (Латин нэр: Diabetes mellitus) нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсруулсан инсулин нь бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин аж.
Өнөөдөр дэлхий дээр 264 орчим сая хүнэ энэхүү өвчинөөр өвдсөнөөс ойролцоогоор 3000 нь Монголд байдаг аж. Үүнээс гадна

* Жил бүр энэ өвчнөөр өвдсөн долоон сая хүн шинээр оношлогдож байна.
* Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
* Энэхүү өвчиний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улс.
* Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан байдаг бөгөөд тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.

Нөлөөлөх хүчин зүйлс

1. Удамшил
2. Таргалалт
3. Цусны даралт ихсэх, судасны хатуурал
4. Цусан дахь өөх тосны хэмжээ хэвийн хэмжээнээс ихдсэнээс
5. Хөдөлгөөний хомсдол
6. Буруу хооллолт
7. Сэтгэл санааны дарамт, стресс
8. Эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
9. Хорт зуршил, архи тамхины хэрэглээ

Дээрх шинж тэмдгүүдээс нэгээс хоёр нь илэрсэн тохиолдолд чихрийн шижин өвчинөөр өвдөх магадлал өндөгрсдөг байна.

Ангилал

Шалтгаанаар нь;

* 1-р хэлбэрийн чихрийн шижин
* 2-р хэлбэрийн чихрийн шижин
* Шинж тэмдгийн чихрийн шижин
* Жирэмсний чихрийн шижин

Зэргээр нь;

* Хөнгөн
* Дунд
* Хүнд гэж ангилдаг байна.

Шалтгаан

1-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаар цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Ихэвчлэн бага насны хүүхэдэд илэрдэг.)
2-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины харьцангуй дутагдал (инсулиний ялгаралт хэвийн байдаг ч өвчитөний биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. 35 буюу түүнээс дээш насныханд элбэг тохиолддог.)
Шинж тэмдгийн чихрийн шижин - үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг
o нойр булчирхайн удамшлын эмгэг
o Эмийн болон химийн бодисын нөлөөлөл
o Халдвар
o Дархлал тогтолцооны урьдал өөрчлөлт
o Таргалалт
o Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл
o Хэвлий, тархины гэмтлүүд зэрэг шалтгаанаас болж үүсдэг.

Жирэмсний чихрийн шижин - жирэмсний явцад эмэгтэй хүний цусан дахь сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал нэмэгдэнэ.

Өвчинийн шинж тэмдгүүд


* Ам цангах, хатах
* ойрхон ойрхон шээх
* ядарч сульдах, турах
* шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
* хараа муудах
* нойргүйдэх
* арьс загатнах

Эмнэлзүй, явц

* Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүсэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол өвчтөн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.
* Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ.
* Инсулин дутагдсанаар бие махбод глюкозыг шингээж чадахаа болиж цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, ойр ойрхон шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцоог хямрахад хүргэн улмаар бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.

Оношлогоо

* Эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандах
* өлөн үеийн цусны сахар тодорхойлох
* глюкозын ачаалалтай сорил хийх
* Шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ.
* Цусан дахь гликозилчлагдсан гемоглобиныг хэмжээг тодорхойлно
* Цусан дахь инсулин ба С-пептидийг тодорхойлно. Чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийн үед инсулин ба С-пептид харьцангуйгаар багасна, харин хоёрдугаар хэлбэрийн үед хэвийн хэмжээнд байна.

Хүндрэл

Хурц хүндрэл гэдэг нь;

* сахар ихдэлт - Сахар ихдэлтийн кома гэдэг нь уг өвчин оношлогдохгүй эсвэл өвчтөн мэдэхгүй удах, мэдсэн ч хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж кома-д орох
* Сахар багадалтын кома – сахар багадалтын кома гэдэг сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх зэргээс шалтгаалан кома-д орохыг хэлнэ.

Архаг хүндрэл

* бөөр, бөөрний архаг дутагдалд орох
* нүд сохрох
* хөлний хүндрэл орно.

Цаг тухайд нь оношлон хоолны дэглэм бариж,эмчилгээ хийлгэхгүй тохиолдолд судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс зэрэг үр дүнд хүрнэ.

Урьдчилан сэргийлэх

Энэхүү өвчинөөс урьдчилан сэргийлэхийн тулд

* Эрүүл зөв хооллох
* Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
* Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
* архи уух, тамхи татах зэрэг элдэв хорт зуршлаас татгалзах хэрэгтэй байдаг.

Бууцай, фета бяслагаар шанзалсан сонгины кебаб (4 порц)



Орц:

* 2 ш том сонгино (Spanish onions), ойролцоогоор хагас кг, арилгасан
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1 хумс сармис
* 285 гр хөлдөөсөн бууцай, гэсгээгээд, усгүй болтол базсан
* 1 амттаны халбага лимоны шүүс
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 1/4 стакан талхны үйрмэг (bread crumbs)
* 1/4 стакан фета бяслаг (feta cheese), нухаж бэлтгэсэн

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо бүтнээр нь устай саванд хийн зөөлөртөл нь 10-15 минут буцалгана. Чанаж зөөлрүүлсэн сонгиноо шүүгээд голоор нь 2 хуваан (босоогоор нь) захаас нь 1 орчим см зузаан давхрага үлдээн дотрох давхрагуудыг гаргаж авна.
  2. Томхон халуунд тэсвэртэй савыг тослож бэлтгээд талласан сонгины завиудаа хонхорхойг нь дээш нь харуулан байрлуулна.
  3. Зуухаа 175 градуст халаана.
  4. Сонгины дотор талаас ухаж гаргасан давхаргуудыг жижиглэн хэрчээд, жижиглэн хэрчсэн сармисны хамтаар, халааж бэлтгэсэн хайруулын тавганд хийсэн 2 амны халбага чидун жимсний тосондоо зөөлөртөл нь 5 орчим минут хуурна. Бууцайгаа, лимоны шүүсийн хамтаар нэмээд перцээр амтлана. Шингэн уурштал хуурна. Гал дээрээс аваад талхны үйрмэг, бяслагаа нэмж нийцүүлнэ.
  5. Сонгины халисан завиа шанзаараа дүүргээд дээгүүрньмөнгөн цаасаар бүрээд халаасан зуухандаа хийн 25орчим минут жигнэнэ. Халуунаар нь сервислэнэ.
Жорын эх сурвалж
Сахарын өвчиний талаарх мэдээллийн эх сурвалж

Зүүлт

Сахарын өвчтэй хүмүүст зориулсан хоолны дэглэмтэй холбоотой ийм, бас ийм сайт байдаг юм байна. Оноо сайтай жоруудаас нь ганц нэгээр нь оруулаад байдаг хэргээ.

2 comments:

enche said...

амар өвчин гэж байхгүй л дээ, гэхдээ чихрийн шижинтэй хүмүүс олон жил инсулин тарихаараа их өрөвдмөөр болдгийм байна лээ.Эхлээд гарынхаа 2 булчинд тарина,булчин нь бэрсүүтэхээр 2 гуя руугаа тарьж эхэлнэ. Сүүлдээ бэрсүү нь чулуу шиг хатуураад зүү орохоо байчихаар хүйс рүүгээ тарих.Ядахад манай монголд ийм улсуудад идэх юм олдохгүй, дэлгүүрт баахан шоклад,варенье-ээс өөр олигтой юм байхгүй. Манай ээж ийм өвчтэй болохоор эгч нь энэ зовлонг сайн мэднэ. Чихрийн шижинтэй улсуудад зориулсан хоолны жор чинь ёстой том тус болно шүү, сэтгэл байвал юм жижигдэхгүй гэж.Хамт ажилладаг хүнтэйгээ 2 үг солих завгүй мессеж үлдээдэг болсон энэ цаг үед өвчтэй улсуудын зовлонгоос хуваалцаж идэх хоолных нь жорыг олоод нийтэлж өгдөг сайхан сэтгэлтэй охин чамд баярлаж суунаа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Өө тиймүү, яасан балай өвчин бэ.. Зараа ах хүсээгүй бол ийм өвчиний талаар ямар ч мэдээлэлгүй яваад л байх байлаа.. Ойрын хэдэн өдөртөө нилээн хэдэн үндсэн хоол, амттаны жор оруулнаа. Өихчийн өвчтэй хүмүүсээ наашаа :)