Sunday, 3 February 2008

Хялбар баклава



Баклава нь маш нимгэн илдсэн гурлиудыг завсараар нь самар хийж олон давхарлаад сахарын усмалаар амталсан Турк эсвэл Грек (Оттоман) амттан юм.
Википедиад бичсэнээр xамгийн анхны баклава төрлийн амттаны орц Юан Гүрний үед, 1330 онд, Хятад хоолны жорны номон дээр güllach-гүллач нэрээр бичигдсэн байдаг бөгөөд Paul D. Buell-ийн үзэж байгаагаар баклава гэдэг нь БАЯЛА(?)- уях, ороох, цуглуулах- хэмээх Монгол үгэн дээр Турк хэлний үйл үгийн -v залгаварыг авсан аж.

Орц:

* 1 цайны аяга тос
* 1 цайны аяга сүү
* 2 амны халбага тараг
* Тал нимбэгний шүүс
* 2 ширхэг өндөг
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 стакан+ 2 амны халбага гурил
* 200гр хушига эсвэл самар

Илдэхэд:

* Төмсний цардуул

Уусмалд (сиропонд)

орц:

* 5 стакан сахар
* 4 стакан ус
* 1 зүсэм нимбэг

Дээр нь:

* 250гр масло

Бэлтгэх нь:
  1. Ус сахараа нэг саванд хийгээд буцалгана. Буцалангуут нь лимоноо нэмээд 3-4 минут буцалгаад гал дээрээс авч хөргөнө.
  2. Гурил хөөлгөгч нунтгаас бусад матералуудаа савандаа хийн хэсэг хутгаад гурил хөөлгөгч нунтгаа нэмэн зуурна.
  3. 5 минут хэртэй амараагаад зуурмагаа гарган тэнцүү 45 хуваагаад нэг бүрчлэн илдэж хулууны дайтай болгоод 15, 15 давхарлаад 3 хэсэг гурилаа листнийхээ хэмжээтэй элдэнэ. Гурилаа элдэхдээ наалдуулахгуйн тулд төмсний гурил үрнэ.
  4. Жижиглэсэн самараа 2 хуваан давхар бүрд жигд тараана. Гурил самар гурил самар гурил хэмээн давхардасаны эцэст хайруулын тавганд хайлуулсан маслоо хамгийн дээд гурилан давхарган дээгүүрээ жигд тараагаад иртэй хутгаар хүссэн хэлбэрээрээ хүссэн хэмжээгээрээ (ихэнхдээ 3*3см, 3*4cм хэрчсэн байдаг.) хэрчээд 200 градуст халаасан зууханд хийн шаргаллттал нь байлгана.
  5. Зуухнаас гаргасан баклаван дээрээ буцалгаад хөргөж бэлтгэсэн сахарны уусмалаа жигд асгаад, хөртөл нь хүлээн, таваглаад сервислэхэд бэлэн боллоо.
Зүүлт:

* Бэлэн, нимгэлэн илдсэн гурил (yufka, Phyllo Dough) зардаг бол авч хэрэглэж болох бөгөөд, бэлэн гурил эсвэл нэг бүрчлэн нимгэлэн элдэж баклава хийх гэж байгаа бол давхар бүрдээ багсны тусламжтайгаар хайлуулсан масло түрхэх хэрэгтэй.
* масло 300 гр болгон хэрэглэж болно.
* гурилнуудаа хэт хатаахаас болгоомжил. Хатсан гурил, сахарны уусмалыг шингээдэггүй.
* уусмалаа асгахаасаа өмнө баклавагаа зүссэн замаараа дахин зүсэх хэрэгтэй.
* уусмалаа 105-110°C буцалгах хэрэгтэй. 115°C дээш хэмд буцалгавал баклаваны тань амт хоолойг тань зурах болно.

No comments: