Монголчууд таван хошуу малынхаа сүүг сааж, төрөл бүрийн айраг цагаан идээг боловсруулдаг. Үнээ, хонь, ямааны сүүгээр бэлтгэдэг сүүний хүчил, спиртын исэлт хосолсон исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг ундаа, хоормог зарим газар айраг гэж нэрлэдэг. Хоормог, ундаа, айргийг хөрөнгө болгож шүүсэн таргаа сүүгээр шингэлж исгэнэ. 10 литр сүүгээр ундаа исгэхэд 1-2 литр хөрөнгө орно. Сүүг борви, хөхүүр, торхонд хийж хөрөнгөлөөд 1000 аас доошгүй бүлэхэд ундаа болно. Ундаанаас авч хэрэглэх бүрд тэр хэмжээгээр шинэ сүү нэмж дахин бүлж исгэнэ. Ундаа, хоормог, айраг 25-30 хэмийн дулаанд сайн исэх бөгөөд хүчиллэг нь 100-150 байна. Тогоо нэрэх айрагных 200-240 хүрнэ. Айргаа хуралдуулж байгаад тогоо нэрж шимийн архи, ааруул, бяслаг гм төрөл бүрийн цагаан идээг гэрийн нөхцөлд боловсруулж хоол хүнсэндээ хэрэглэдэг.
Ингэний сүүгээр айраг хийхдээ сүүг шүүж хөргөөд мөн л исгэх саванд хийж хөрөнгөтэй холино. Исэлт нь гүйцсэн ингэний айргийг дараа нь хөрөнгөнд хэрэглэнэ. Хөрөнгө саамыг хольсны дараа 20 минут хиртэй бүлж, 20-25 хэмийн дулаан газар 3-4 цаг тавина. Айргын хүчиллэг ихсэх үед /60-70 хүрэх/ дахин бүлнэ. Ийм нөхцөлд ингэний айраг /хоормог/ 10-16 цагийн дотор исэж гүйцнэ. Ингэний айрганд дунджаар тос 3.6, уураг 2.8, спирт 0.68 хувь, аминдэм С 55.2 мг/л байдаг. Ингэ, үхэр, бог малын сүүний айрагнаас спиртийг нь нэрж шимийн архи гарган авдаг. Ундаа хоормог зэрэг нь амт исгэлэвтэр, уухад маш тааламжтай, шингэц сайн, ялангуяа чийг бамын гэмээс үүдсэн өвчин, уушиг дотрын өвчин, зарим бага сага хаван зэрэгт их тустай гэж үздэг.
Гүүний сүү нь найрлагын бусад малынхаас нэлээн ялгаатай бөгөөд зөвхөн айраг болгож хэрэглэдэг. Адуу ногоонд цадсан үед гүүний сааль эхлэх бөгөөд үүнийг үрс гаргахуй гэнэ. Гүүний сүүг исгэсэн хөрөнгө дээрээ хийн бүлж боловсруулна. Бүлэлт нь гүйцвэл сая исэлт нь тэнцэж соргог сэнгэнэм үнэртэнэ. Хэрэв буруу исвэл өтгөн шингэн нь ялгарч усмагтан ээдэж, өрөм шиг юм тогтож эвгүй үнэр гарна. Гүүний айраг /цэгээ/-г исгэхдээ
Нэгд: Үнээний сүүгээр хийсэн айргийн хөрөнгө дээр гүүний сүүг сайн хөргөж хийгээд тусгай торхонд исгэнэ.
Хоёрт: Бусдын боловсруулсан цэгээний хөрөнгөөс зална.
Гуравт: 1-2 лан хэртэй шүүрхий болгосон тарианы үр дээр цагаан архи бага зэрэг хийж хутгаад савныхаа амсрыг сайтар таглан боож тавина.
Дөрөвд: Таван жин гүүний сүүнд 4-5 лан архи хийж байн байн бүлж исгэнэ.
Тавд: Ямааны түүхий сүүгээр тараг бүрж 1 л тарган дээр гүүний 10 л сүү хийж 1-2 цаг бүлж хутган, хучиж дулаалах юм уу нар дагуулж тавина.
Гэх мэтээр газар нутгийн өөр өөр арга барил бий. Гүүний айраг хүнсний бүтээгдэхүүн болохоос гадна эмчилгээ сувилгааны онцгой шинж чанартай. Саамын нийт уургийн 40 өөд хувийг альбумин, альфа-лакто, бета-лакто глобулин, имунт глобулин болон бусад уураг эзэлдэг. Айргийн бүрэлдэхүүнд 20 орчим амин хүчил байдгийн 10 нь бие махбодийн дотор нийлэгжиж бий болдоггүй учир хүнсний зүйлээр гаднаас орж байх ёстой, бусад амин хүчлээр орлуулж боломгүй амьдралыг тэтгэгч чухал хүчлүүд юм. 1.5-2.2 хувийн тослогтой. А, С, В, Д витаминээр баялаг бөгөөд кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодисоор үхрийн сүүнээс давуутай. Гүүний айраг нь зүрхний өвчин ба уушигны архаг ханиад, ходоод гэдэсний өвчин, бам, усан хаван, шар усны өвчин, хөл нурууны зэрэгт сайн.
мэдээлэл.мн-ээс авав.
No comments:
Post a Comment